Mongolian WOWCCM
 

 

 
 

 


3 модны түүх

Page Info

Writer WOWMONG (121.♡.57.178) Reply 0 Hit 7,123 Date 09-12-28 23:37

Content

Уулын хажуу бэлд ойрхон ургасан гурван зулзаган мод байжээ. Эхний зулзаган мод тэнгэрийн одод өөд хараад: “Би өөрийнхөө дотор эрдэнэс агуулахыг хүсч байна. Алтаар бүрэгдэж, үнэт эрдэнэсийн чулуугаар дүүрмээр байна. Би энэ хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй эрдэнэсийн хайрцаг болно!” гэжээ.
Удаахь зулзаган мод далайд цутгах замдаа намуухан урсах бяцхан горхийг хараад: “Би сүр хүчит тэнгис далайгаар аялж, хүчирхэг эзэн хаадыг дээрээ тээж явахыг хүсч байна. Би энэ хорвоогийн хамгийн хүчирхэг хөлөг онгоц болно” гэжээ.
Гурав дахь зулзаган мод эрэгтэй эмэгтэй хүмүүс толгой өөд татах завгүй хөдөлмөрлөн буй хөл ихтэй хот орших хөндий руу доош харснаа: “Би уулын энэ оргилоо ердөөсөө ч орхихыг хүсэхгүй байна. Хүмүүс саатан зогсоод намайг харахдаа дээшээ тэнгэр өөд ширтэж Ертөнцийн Эзэнийг боддог байх тийм өндөр мод болмоор байна, би” гэв.
Олон он жил улиран өнгөрчээ. Бороо орон, нар шарж, зулзаган модод ч ургаж өндөр болжээ.
Нэгэн өдөр гурван түлээчин ууланд гарчээ. Эхний түлээчин нэг дэх модыг хараад: “Энэ их сайхан мод байна. Надад яг ийм мод хэрэгтэй” гэжээ. Сүх гялсхийж, эхний мод унав. “Одоо би хамгийн үзэсгэлэнтэй хайрцаг болж хувираад гайхамшигт эрдэнэсийг дотроо агуулах болно” гэж эхний мод өгүүлэв.
Удаахь түлээчин хоёр дахь мод руу хараад: “Энэ мод их хүчтэй юм. Миний хэрэгцээнд яг таарна” гэжээ. Сүх ч гялсхийж, хоёр дахь мод унав. “Би одоо сүрт их далайгаар хөвөх болно!” гэж хоёр дахь мод хөөрөн бодоод: “Би сүр хүчит хаадыг дээрээ суулгадаг хүчирхэг хөлөг онгоц болно!” гэв.
Сүүлчийн түлээчин өөрийг нь ажиглан ширтэх үед гурав дахь мод сэтгэлээр унажээ. Тэрээр өндөр оройгоо тэнгэр өөд эрэлхгээр чиглүүлэн цэх шулуун сүндэрлэнэ. Гэвч түлээчин дээш хяламхийсэн ч үгүй: “Надад ямар ч мод болно” гэж амандаа бувтнажээ. Ингээд сүх гялсхийж, гурав дахь мод унав.
Түлээчин өөрийг нь мужааны урланд аваачихад эхний мод баярлажээ. Гэвч мужаан тэр модоор мал тэжээдэг тэвш хийжээ. Нэгэн цагт үзэсгэлэнтэй байсан тэр мод алтаар ч бүрэгдсэнгүй, үнэт эрдэнэсээр ч дүүрсэнгүй. Харин хөрөөний тоосонд хучигдаж, өлөн малын өвсөөр дүүрчээ.
Түлээчин өөрийг нь усан онгоц хийдэг газар аваачихад хоёр дахь мод инээмсэглэсэн боловч тэр өдөр ямар ч сүр хүчит хөвөгч онгоц хийсэнгүй. Харин нэгэн цагт хүчирхэг байсан тэр модыг алхаар балбаж, хөрөөдөөд энгийн нэг загасчны завь болгожээ. Тэр завь далай тэнгис байтугай гол мөрнөөр урсана гэхэд дэндүү жижиг, бас хүч чадал дорой байсан тул жижиг нууранд тавьжээ.
Түлээчин өөрийг нь хүчирхэг дүнз болгоод мод бэлтгэх газарт орхиход гурав дахь мод эргэлзэн гайхжээ. Нэгэн цагт өндөр байсан тэр мод: “юу болж байна аа?” гэж гайхаад: “Би зөвхөн уулын оройдоо үлдээд л Ертөнцийн Эзэн рүү чиглэн заахыг л хүсч байсан шүү дээ” гэв.
Олон өдөр шөнө ээлжлэн өнгөрчээ. Өнөөх гурван мод хүсэл мөрөөдлөө бараг мартсан байв. Гэтэл нэгэн шөнө нэг залуухан бүсгүй дөнгөж төрсөн нялх үрээ нөгөө малын тэвшин дотор тавихад эхний модны дээгүүр оддын алтан гэгээ цацарчээ. “Түүнд зориулж би хүүхдийн ор хийх юмсан” гэж бүсгүйн нөхөр шивнэжээ.
Оддын гэрэл тэрхүү тэгшхэн, бөх модон дээр гялалзахад эхнэр нь нөхрийнхөө гарыг атган инээмсэглээд: “энэ тэвш их үзэсгэлэнтэй юм аа” гэв. Тэгтэл эхний мод энэ хорвоогийн хамгийн агуу эрдэнэсийг агуулж буйгаа гэнэт мэджээ.
Нэгэн үдэш аяншиж ядарсан аянчин нөхдийнхөө хамт нөгөө загасчны хуучин завин дотор орж суув. Хоёр дахь модыг нуурын гүн рүү алгуурхнаар хөвөх үед сайхь аянчин гүн нойронд дарагджээ. Удалгүй аянга тачигнан цахилгаан цахилж сүртэй шуурга дэгдэхэд бяцхан мод жихүүцэн доргив. Салхи шуурга, усан бороон дундуур тийм олон хүнийг аюулгүй тээж явах чадалгүйгээ тэр завь мэдэж байлаа. Аяншсан хүн нойрноос сэрэв. Тэр босож зогсоод гараа сунгаж: “Намд” гэж хэлэв. Шуурга эхэлсэн шигээ маш хурдан зогсчээ. Гэнэт хоёр дахь мод тэнгэр огторгуй, газар дэлхийн Хааныг авч яваагаа мэдэв.
Нэгэн өглөө мартагдсан овоолгоостой модноос гуалин дүнзнүүдийг хуу татан авахад гурав дахь мод цочжээ. Уурсаж хүрхрэн, тохуурхан даапаалсан олны дундуур өөрийг нь үүрч явахад тэр өөрийн эрхгүй агдаганан давхийнэ. Цэргүүд нэг хүний гарыг өөрийнх нь дээр хадахад тэр эвгүйцэн доргив. Түүнд маш муухай, харгис бүдүүлэг санагдаж байлаа. Гэвч Ням гаригийн өглөө нар мандаж, түүний доорх газар дэлхий баяр хөөрөөр дүүрэн цалгихад гурав дахь мод Ертөнцийн Эзэний хайр бүхнийг өөрчилснийг мэджээ. Түүний хайр л загалмай болох хүч тэнхээг өөрт нь өгснийг тэр мод ухаарчээ. Хүмүүс гурав дахь модны тухай бодох бүртээ Ертөнцийн Эзэнийг бодох болно. Энэ нь энэ хорвоогийн хамгийн өндөр мод байснаас хавьгүй дээр ээ.

Suggestion322 Not Recommended0

Comment list

There are no registered comments.


 
 

Copyright ⓒ 2003 - 2009 WOWCCM.NET , All rights reserved.